ӨЛГИЙН ФИЛОСОФИЧИД УГСААТНЫ ЗҮЙГЭЭР “МЭТГЭЛЦЭВ”
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрдмийн хамт олон суурь судалгааны төслийн хүрээнд “Өлгий судлал-2024” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 6-ны өдөр Өлгий хотод амжилттай зохион байгууллаа. Баян-Өлгий аймгийн музей, МУБИС-ийн аймаг дахь салбар сургуулийн эрдэмтэн судлаач, багш нартай хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний энэхүү хурлыг нээж үг хэлсэн Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга M.Адилбиш, аймгийн музейн захирал А.Айшагүл, Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) Г.Золбаяр нар угсаатаны бүлгүүдийн соёлын өв улам баяжин дэлгэрч, ойртон адилсах болсныг онцлон тэмдэглээд, Өлгийн философичдод баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүслээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбар, Баян-Өлгий, Ховд аймгийн музей, МУИС-ийн баруун бүсийн сургууль, МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар болон БНУУ-ын Дебрецен их сургууль, БНКазУ-ын Астана хотын Түрэг академи, Астана хотын Үндэсний музейн соёлын өв судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцож, 20 гаруй илтгэл сонсч, олон сайхан санал, дүгнэлт дэвшүүлэв. Тухайлбал, нүүдэлчдийн өв соёл, угсаатаны зан төлөв, сэтгэл зүй, боловсролын түвшинд гарч буй өөрчлөлт, оюун санааны амьдралын шинэчлэл, байгаль экологийн сэдвээрх судалгааны ажлыг эрчимжүүлж, түүх-соёлын дурсгалт газрыг судлах, таниулан сурталчлахад орон нутгийн музейн гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг дэлгэрүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг, хурлыг олон улсын түвшинд уламжлал болгон зохион явуулахын чухлыг онцлон тэмдэглэв. Ийнхүү Өлгийд болсон эрдэм шинжилгээний хурал нь угсаатаны ахуй амьдралыг баяжуулж, өв соёлыг арвижуулсан философи сэтгэлгээний үнэлж цэгнэсэн хэлэлцүүлэг болж өрнөлөө.
Бусад мэдээлэл