О.Хатанболд: Бид улс төрийн соёлын эрсдэлтэй, зааг үе дээрээ байна
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, улс төрийн ухааны доктор (Ph.D) О.Хатанболдтой улстөрийн соёл, сонгогчийн боловсрол сэдвээр ярилцлаа.
- Монголчууд дөрвөн жилд нэг удаа улс төрийн өндөр мэдрэмжтэй болдог гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
Сонгууль болохоор л иргэд улс төрийн мэдрэмжтэй болчихлоо гэдэг. Угтаа улс төрийн соёл, мэдлэг гэдэг хүн бүхэнд байдаг зүйл. Харин түүнийгээ гаргаж тавьдаг цаг үе нь сонгуулийн жил юм. Энэ үеэр бид тэр чигээрээ улс төрч болчихдог хэрнээ сонгуулийн бус цагаар улс төрийн соёлтой яаж байх вэ, иргэний оролцоогоо хэрхэн сайжруулахаа мэддэггүйд учир бий. Дөрвөн жилийн турш бугшсан гомдлоо авдрандаа хийгээд хадгалж байгаад ил гаргадаг гэх юм уу. Жишээ нь судалгаа явуулж байхад иргэдээс та НИТХ-даа оролцдог уу гэсэн асуултад ихэнх нь оролцдоггүй, оролцох шаардлагагүй гэж хариулсан. Уг нь ИТХ гэдэг таны амьдран буй дугаар хорооны асуудлуудыг шийдэхэд нөлөөлдөг, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлдэг шүү дээ. Хэрвээ ИТХ надад хамаагүй гэж үзвэл таны өмнөөс өөр хэн нэгэн шийдвэр гаргахад оролцоно гэсэн үг. Ингээд бүх зүйл шийдэгдсэн хойно “ниргэсэн хойно хашгирав” гэдэг л болж байгаа юм. Тэгэхгүйгээр өөрийн хүссэн нийгмээ бий болгохын тулд иргэний оролцоо чухал.
- Зарим иргэд дэвшиж байгаа хүмүүсээс чухам ямар шалгуураар сонголт хийхээ мэдэхгүй байна гэдэг. Ер нь ямар хүнийг улс төрийн соёлтой хүн гэх вэ?
Сонголт хийхийн тулд тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг уншиж судлахаас л эхэлнэ. Мэдээж мөрийн хөтөлбөр нь биелэгдэхүйц байна уу эсвэл зүгээр л мөрөөдлийн жагсаалт гаргачихсан эсэхийг нягталж үзнэ. Магадгүй тухайн нэр дэвшигч өмнө нь УИХ-ын гишүүнээр ажилласан бол ямар хууль санаачилсан, тэрхүү хууль нь ямар үр дүн, ач холбогдолтой байсан, амьдралд тэрхүү хууль нь хэрхэн бодитой нөлөөлсөн эсэхийг харах нь чухал. Дээрээс нь ажиллах хугацаандаа авлига, албан тушаалын болон бусад төрлийн гэмт хэрэгтэй холбогдож байсан эсэхийг тэрхүү залруулсан эсэхийг нягталж харах ёстой.
- Ер нь ямар хүнийг сонгохоо мэдэхгүй байна, надад сонгууль ямар ч хамаагүй гэж ярьдаг бол тухайн иргэн улс төрийн сонголтдоо хариуцлагагүй хандаж байгаа л хэрэг.
«Монгол дахь улс төрийн соёл: уламжлал, орчин үе» хэмээх хамтын номоо гаргахдаа “Улс төрийн соёлтой улс төрч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?” асуултыг шинжээчдийн дунд тавьсан. Экспертүүдийн дүгнэлтээр дараах шинж чанарууд төлөвшсөн байх ёстой гэж хамгийн олон давтамжтай хариулсан байсан.
- Хувийн ашиг сонирхлоос үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэдэг байх
- Хууль ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа чандлан баримталдаг
- Эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө гэсэн итгэл үнэмшилтэй
- Хариуцлагатай, хэлсэн үгэндээ эзэн болдог
- Шударга, үнэнч байх
- Улс төр, эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой.
- Алдаа, дутагдлаа ухамсарлаж, хариуцлага хүлээн, залруулах чадвартай.
- Бусдын санаа бодлыг хүндэтгэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг.
- Нийтэч, бусдыг ялгаварлан гадуурхдаггүй байх
- Сахилга баттай, бусдын эрх ашгийг дээдэлдэг.
- Чин сэтгэлээсээ ханддаг.
Сонирхуулахад Монголд улс төрийн соёлын судалгаа сүүлийн 20-иод жилд хийгдээгүй байсан гэхэд болно. Тэр ч утгаараа бид “Монголын улс төрийн хөгжлийн үйл явцад улс төрийн соёлын гүйцэтгэх үүрэг нөлөө” гэсэн суурь судалгааны төслийг хэрэгжүүлсэн. Төслийнхөө хүрээнд 1040 орчим иргэдээс анкетийн сурвалжлагын аргаар мөн 40 орчим өндөр түвшний экспертүүдээс чанарын болон тоон судалгаа авсан.
- Монголын өнөөдрийн улс төрийн соёлд ямар үнэлгээ өгөх вэ?Бид төрөө дээдлэх уламжлалт сэтгэлгээтэй ард түмэн. Өнөөдөр холимог улс төрийн соёл буюу уламжлалт албатын хэв маяг зонхилж байна. Монгол дахь улс төрийн соёлыг таван оноогоор үнэлвэл 3 буюу дундаж үнэлгээтэй байна. Дундаж үнэлгээ авч байгаагийн шалтгаан нь иргэдийн оролцооны идэвхгүй байдал юм.
Хэрвээ улс төрийн соёлыг дээшлүүлмээр байвал иргэдийн улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх, ардчиллын зөв боловсрол олгох чухал. Ер нь холимог улс төрийн соёл гэдэг нь аливаа нэг зүйл дээр тууштай явахгүй байгаагийн нэг хэлбэр юм. Үүн дээр Скандинавын орнуудын жишээг дурдая. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр тэргүүлж буй эдгээр хөгжсөн улс орнууд шиг хөгжих боломж бидэнд бий. Тэдгээр улс шиг болохын тулд иргэд нь улс төрийн соёлтой, иргэн болгон үүргээ биелүүлдэг, улс төрийг зөвөөр шүүмжилж чаддаг байх ёстой. Тэрхүү зөв өнцөгөөс олж харсан шүүмжлэлийг бодлого боловсруулагчид бодитой хүлээж аван асуудлын тодорхой шийдлийг гаргадаг. Харин манайд хүн амын ихэнх нь улс төрийн мэдлэггүй, идэвхгүй хэвээр байвал үнэлгээ тааруу буюу 2 руу ч орох магадлалтай. Бид улс төрийн соёлын эрсдэлтэй, зааг үе дээрээ байна.
- Иргэдийн улс төрийн талаарх мэдлэг дутмаг байх тусам популизм цэцэглэдэг гэдэгтэй санал нийлэх үү?Популизм хийж байгаа улс төрчид асуудлыг аль талаас нь гаргаж тавьбал өөрт ашигтай байх вэ, иргэдэд яавал таалагдах вэ гэж хардаг. Тухайн хүний л харж байгаа өнцөг. Харин тэдгээр улс төрчдийг дагаж буй хүний тоо олон байгаа бол асуудал юм.
Учир нь иргэдийн улс төрийн мэдлэг, соёл дутмаг улсад популизм амархан цэцэглэдэг. Гэтэл ардчилал өндөр хөгжсөн улс орнуудад популизмыг ямар ч аргаар хийгээд хол явахгүй. Учир нь тухайн нийгэмд түүнийг хүлээж авах хөрс суурь байхгүй учраас дагаж намирах хүмүүс ч гарахгүй.
Олон нийтийн дунд улс төрийн мэдлэг дутуу дулимаг байх тусам л улс төрийн үйл явдалд мэдлэгт үндэслэгдсэн ухаан бодлоор биш сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжээр ханддаг. Тодруулбал манай хүн амын тодорхой хэсэг улс төрийн мэдлэг, түүнд тулгуурласан итгэл үнэмшил хангалтгүйн улмаас улс төрийн үйл ажиллагаа, байр суурийн хувьд хүлцэнгүй, идэвхгүй эсвэл өөрийн үзэл бодолгүйгээр бусдыг дагах явдал байна.
- Энэ нь эргээд ардчиллыг буруутгах нөгөө талаар монголчуудад ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэх санаа ч үе үе цухалзах шалтгаан болж байна уу даа…?
-Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа парламентын засаглал сонгосон. Бид нэгэнт сонгосон энэ замаасаа буцах ёсгүй. Харин ч парламентийн засаглалаа илүү төгөлдөржүүлэх ёстой, хууль тогтоогчдоо мэргэшүүлэх ёстой.
Судлаачийн хувьд Монгол Улс ямар ч тохиолдолд парламентийн засаглалаас ухрах ёсгүй гэж боддог. Энэ бол Монгол дарангуйлал руу орчихгүй, ардчилсан дэглэмээ хадгалж яваагийн нэг шалтгаан шүү дээ. Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын зарим нэг явцгүй үйл ажиллагаа нь ард иргэдэд бодит амьдралд нийцдэггүй тал бий. Үүн дээр л зарим овжин хүмүүс “ажиллаж” ард түмэн ингэж хэлээд байна гэж янз бүрийн санаа цухалзуулдаг байх.
- Мөнгөөр саналаа худалдахыг, сонгогчийн саналыг мөнгөөр худалдан авахыг хуулиар хориглодог. Гэсэн хэдий ч иргэдийн дунд иймэрхүү ойлголт бий. Үүнийг судлаачийн хувьд хэрхэн хардаг вэ?
Хэрвээ аль нэг нэр дэвшигчээс “Таны төлөө санал өгнө” гэж хууль бусаар өгсөн мөнгийг нь аваад сонголтоо хийдэг сонгогч байгаа бол тухайн хүн хүн зөв сонголт гэдгийг мэддэггүй хэрэг. Энэ бол тухайн хүний нийгмийн өмнө хийж байгаа хариуцлагагүй үйлдэл юм.
Нөгөө талаас нь харвал биднийг төлөөлж, төр барихаар нэр дэвшиж буй этгээд бусдын саналыг худалдан авахыг оролдож байгаа нь өөрөө ёс зүйгүй үйлдэл юм. Хэрвээ ийм хүнээр төр бариулвал бид өөрсдийгөө дорд үзсэн хэрэг болно.Үүний ард сонгогч, нэр дэвшигчийн улс төрийн соёлын асуудал гарч байгаа биз.
Хэрвээ нэр дэвшигч мөнгө өгдөг, түүнийг нь авдаг сонгогчидтой бол тухайн улсын улс төрийн соёл доошилж л байгаагийн хэлбэр юм. Аль аль нь хариуцлагагүй нийгмийн бүтээхийн тулд хариуцлагагүй алхам хийж байгаа биз. Ер нь хүн мөнгөөр бараа бүтээгдэхүүн л худалдаж авдаг шүү дээ. Мөнгөөр хүний хүний оюун санаа, ухамсар, үзэл бодол, хариуцлагыг худалдан авч чадахгүй. Хэрвээ үүнийг боломжтой гэж үздэг улс төрч байгаа бол тэр хүн бидний өмнөөс төр барих эрхгүй.
- Улс төрийн соёл төлөвшсөн орнуудын улс төрчид аливаа нэг асуудалд орооцолдмогц ажлаа өгдөг бичигдээгүй хууль бий. Харин тэр бүр ийм хандлага ажиглагддаггүй. Энэ нь мөн л улс төрийн соёл төлөвшөөгүйн илрэл мөн үү?
Хэрвээ тухайн хүн өөрийгөө улс төрийн соёлтой гэж үздэг, ард түмнийхээ өмнө буруу зүйл хийсэн бол түүнийгээ хүлээх чадвартай байх ёстой. Ингэж чадахгүй байгаа нь хариуцлагагүй, улс төрийн соёлгүйн нэг жишээ мөн.
Энэ үйлдэл нь хүнийхээ хувьд улс төрийн соёлгүй, улс төрчийн хувьд улс төрчийн соёл, хариуцлагагүй гэсэн үг.
Сонгогчид сонголтоо хийхдээ үүнийг бас л харгалзаж үзэх ёстой. Тухайн нэр дэвшигч хариуцлагагүй хандсан, таагүй хэрэгт нэр холбогдсон гэдгийг таниж мэдсэн бол өөрийгөө хамгаалж ямар мэдээлэл хийж байсан эсэхийг нягтлана. Үүний дараа мэдээж тухайн сонгогч үнэлэлт дүгнэлт өгдөг. Хэрвээ хариуцлага алдсан хэрнээ түүнийгээ хүлээгээгүй бол биднийг шударгаар төлөөлж чадах эсэх нь мэдээж эргэлзээтэй.
-Сар хүрэхгүй хугацааны дараа иргэд сонгуулиа өгнө. Залуусын хувьд сонгуулд хойрго ханддаг тал ажиглагддаг. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Улс төрийн соёлын талаар залуучуудын дунд хэлэлцүүлэг хийж үзсэн. Хэлэлцүүлгийн дунд залуучуудад сонгуульд оролцох сонирхол төдийлөн алга. Яагаад оролцдоггүй шалтгааныг нь тодруулахаар “Сонгуульд оролцох хүсэл байдаг. Гэхдээ бид нарын дуу хоолой хүрэх боломж байдаггүй, сонголтоо хийе гэсэн ч мөрийн хөтөлбөр нь бодитой бус” гэж хариулдаг. Яг үнэндээ өнөөгийн нийгэм залуучуудаа бид хэтэрхий хайхрамжгүй орхичихсон. Сонгууль гэхээр л ашигладаг зэвсэг мэт үздэг эсвэл зөвхөн манай намын залуу үе гэсэн явцуу эрх ашгийн үүднээс хараад байна. Уг нь залуусыг том зургаар нь нийгмийн цааш нь хөтөлж авч явах ёстой гэдэг үүднээс л харах ёстой.
Эх сурвалж: www.peak.mn
Бусад мэдээлэл