ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БОТЬ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БОТЬ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Монгол дахь ардчиллын мөн чанар, төлөвших үйл явцын онцлог эрдэм шинжилгээний боть хэвлэгдэн гарлаа.

(Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл – I, II боть)

 

Ардчилал гэж чухам юуг хэлэх талаар бидний ихэнх нь урьд нь хэзээ ч энэ асуултанд тодорхой хариулт болох зүйлийг томьёолох гэж үзэж байгаагүй бөгөөд «ард түмэн засгийн эрх барих» гэдгээс цааш хэтэрдэггүй бөлгөө. Гэтэл наанадаж «ард түмэн» гэж хэнийг (юуг хэлэх вэ?) ард иргэд «засгийн эрх барина» гэдэг нь удирдлагыг хэрхэн яаж хэрэгжүүлэхийг хэлэх вэ? гэсэн асуултуудыг тодруулахыг өнөөдөр хүртэл бид эрэлхийлсээр байна.

Угтаа ардчилал бол түүхийн бэрхшээл, сорилт цаг үеийг туулан хөгжиж боловсорсон үйл ажиллагаа, дэг журмын арга хэмжээ юм. Нэг үгээр хэлбэл, ардчилал гэдэг нь эрх чөлөөг хуульчлан баталгаажуулахыг хэлж буй тул орчин үеийн төр, нийгмийн хөгжил дэх хамгийн чухал асуудлууд бүгд л ардчилал, ардчилсан зарчимтай шууд холбогддог. Эл утгаараа ардчилал нь өөрийн тогтносон аль ч үедээ хамтын шийдвэр гаргахад бүх нийтийн хяналтыг тогтоох, энэхүү хамтын хяналтад бүгд эрх тэгш байдалтай оролцох гэсэн хос зарчмыг агуулна. Тиймээс зөв, шударга шийдвэр хэдий чинээ амьдралд хэрэгжинэ, бид түүнийг төдий чинээ ардчилсан гэж үзэж, бас хэлж болох юм. Нөгөө талаар ардчилал бол нээлттэй мэтгэлцээн, ятган үнэмшүүлэх, харилцан буулт хийхэд тулгуурладаг бидний өдөр тутмын ардчилсан зарчим бүхий шударга үйл ажиллагаа юм. Тэгэхлээр мэтгэлцээний тухай ардчилсан хариуцлагатай бодлогын ихэнх асуултуудад үзэл бодол, ашиг сонирхлын зөрүү байдаг  авч мэтгэлцэгч талуудын аль нь ч энэхүү зөрүүнүүдийг илэрхийлэн гаргах, сонсох эрхтэй. Тиймээс ардчилалд нийгэм дэх хүмүүсийн олон янзын үзэл, олон ургальч байдал төдийгүй иргэдийн эрх тэгш байдлыг урьдаас тооцсон таамаглал байх учиртай. Энэ мэт олон янзын байдал илэрхийлэгдээд ирэхэд үүсэх ялгааг шийдвэрлэх ардчилсан арга бол хүчээр тулгах эсвэл эрх мэдлээ нотлон харуулах бус харин ятган үнэмшүүлэх, харилцан буулт хийх арга юм. Чингэхлээр ардчилал бол хий хоосон яригчдын мухлаг бус харин бодлогыг хүлээн зөвшөөрүүлэх олон нийтийн мэтгэлцээнийг өрнүүлэгч талбар буюу.

Ардчилал гэдэг нь өөрчлөгдөж хувиршгүй мэдээж үнэний эмхэтгэл биш, харин хувь хүмүүс, байгууллагууд санал бодлоо уралдуулан, харилцан буулт хийх замаар боловсронгуй биш ч гэсэн үнэнд хүрэх механизм болох учиртай. Бидний итгэж, найдаж бас төсөөлдөгчлөн ардчилал нь ажил хэрэгч бөгөөд амьдралд дөт байдаг аливаа асуудлыг шийдэхдээ аль нэг үзэл сурталыг турших биш харин түүнийг жинхэнэ амьдрал дээр туршиж гэмээ нь түүний ашигтай, ашиггүйг нь үзэх бодит үнэ цэнэтэй авч бас хэврэг, нандин эрхэмлэл юм. Үүгээрээ ардчилал бол нийгмийг шинэчлэлд хүргээд зогсохгүй ардчилсан тогтолцоо нь алдаа дутагдал гаргасан эсвэл хэрэгцээгүй болсон бодлого, улс төрчдийг тогтмол, тайван аргаар халж өөрчлөх боломж олгож нийгмийн бүлгийн болон үе хоорондын шинэчлэлийг хэрэгжүүлдэг. Чингэхдээ ардчилсан бус дэглэмийн үед шаардлагатай, хүч чадалтай боловсон хүчнийг шахан зайлуулснаас үүдэн гардаг шиг томоохон төрийн хямрал үүсгэхгүйгээр шинэчлэлийг хийх чадвартай. Тиймээс эрх тэгш байдлын зарчимд төр засгийн бодлогоор хүмүүсийн ашиг сонирхолд адил тэгш хандахыг шаардаад зогсохгүй тэдний үзэл бодол ч адил тэгш үнэ цэнэтэй байхыг шаарддаг. Энэ утгаараа бүх нийтийн хэрэгцээ, жирийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахдаа ардчилсан төр засаг бусад төрлүүдээсээ илүү юм.

Чухам иймийн тул, 1990-ээд оноос эхлэн Монгол орон улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт нэгэн зэрэг шинэчлэл явуулж, бүс нутагтаа ардчилсан хөгжлийн загварыг харьцангуй тогтвортой, тайван замаар хөгжүүлж буй улс бөгөөд чингэхдээ улс төр, эдийн засгийн шинэтгэлийг ядуу буурай оронд нэгэн зэрэг хийх нь, тэр тусмаа Азийн орны явах зам биш гэсэн ойлголтыг эвдэж чадсан юм.

Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл явцаар манай нийгэмд улс төрийн үзэл бодол, иргэний ашиг сонирхол, улс орноо хөгжүүлэхэд оролцох арга хэлбэр зэргээрээ ялгаа бүхий нийгмийн бүлгүүд үүсэн бий болсноороо монголчууд өөрсдийн үзэл баримтлал, итгэл үнэмшлээ дагасан улс төрийн үйл ажиллагаа явуулах, олон намын тогтцолоо цоо шинээр бүрэлдэн тогтох чухал үйл явцын эхлэлийг тавьсан юм. Энэ үйл явцын тусгал болж түүнтэй нягт холбоотойгоор монголын нийгмийн улс төрийн амьдралд олон ургальч ардчиллын хэлбэр хөгжиж, ардчилсан үйл явцын өрнөл, нийгмийн улс төрийн амьдралын шинэчлэл, өөрчлөлтийн агуулгыг тодорхойлох болсон.

Монголчууд ардчилал, эрх чөлөөнийхөө ололтоор бахархахын зэрэгцээ түүний ардчилах үйл явцыг баруунжих гэсэн үгээр үл ойлгохын сацуу сайн муугаа нээлттэй хэлэлцдэг хэдий авч, ардчиллын соёлыг бэхжүүлэн дэлгэрүүлэх, ялангуяа ардчиллын боловсрол, залуучуудын идэвхийг дээшлүүлэх, авлигатай тэмцэх зэрэг асуудалд үе үеийн төлөөлөл хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлэх, залуучууд ардчиллын үзэл санааг тууштай дэмжих, үндэснийхээ соёл, онцлогт хэрхэн нийцүүлэн хөгжүүлэх талаар өөрсдийн санаа бодол, туршлагаасаа хуваалцах боломж бололцоо өнөөдрийг хүртэл хангалттай бус байна.

Бидэнд ардчиллын талаар бүхэнд нийцэх хэт ерөнхий, улс орон бүрд таарч сценари, жор болохуйц тийм загвар байх боломжгүйг зөвшөөрч байгаа боловч орчин үеийн ардчилал, ялангуяа төлөөллийн ардчиллын (Роберт А.Даль) тулгуур үзэл санаа, үндсэн зарчим, гол нөхцөл, шаардлагыг тодруулахад ардчиллын суурь онолуудын судалгаа чухал гэж үзсэн бөлгөө. Чухам иймийн тулд, Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүсэн байгуулагдсанаас хойш эдүгээ 30 жил өнгөрсөн буй. Хэдийгээр монголчууд бид ардчилалд шилжин орсноос хойш монголын ардчилал бэхжиж, тогтворжиж чадсан эсэхийг тодруулахыг зорин олон жилийн судалгаа хийж, түүний мөн чанар хаана оршин буйг олж танихын төлөөх эрэлхийллийн явцад эргэцүүлэн бодож туурвисан эрдэм шинжилгээний өгүүллүүдээ эмхэтгэж энэхүү бүтээлдээ багтаасан болно. 

Өнөөдөр ардчиллын тухай хагас сая гарсан тооны тодорхойлолт байдгийг судлаачид тэмдэглэсэн боловч шинжлэх ухааны хувьд нэг мөр тогтож чадаагүй байгааг бас онцолсон буй. Толилуулан буй бүтээлд ардчиллын тухай монголчуудын ойлголтын агуулга тодорхой бодит кейс дээр хэрхэн хэрэгжиж буйг болон Монгол дахь ардчиллын мөн чанар, төлөвших үйл явцын онцлог, тэдгээрийн талаарх иргэдийн ойлголт, төсөөллийн өөрчлөлтөд үнэлгээ хийх судалгааны ойлголт, үзэл баримтлалын талаар судлаачийн цуглуулсан мэдээлэл, судалгааны баримтад түшиглэн гаргахыг хичээн бүтээлийн эхний эмхэтгэлээ (i) Ардчилал: Монголчуудын улс төр, төр ёсны уламжлалт сэтгэлгээ ба орчин үе; (ii) Монголын нийгэм ба ардчилал, ардчилсан засаглалын төлөв байдал; (iii) Ардчилал бол оролцоо хэмээх гурван үндсэн хэсэгт багтаасан болно.  

Мөнхүү эрэл хайгуулын өөрийн судалгааны үндсэн чиглэл болгон 2000 оноос хойш ардчиллын энэхүү үйл явцын төлөвшил, илрэл ямар байх ёстой юм бол гэлгийг сонирхон судалсаар ирсэн. Чингэхдээ ардчиллыг дэмжин хөгжүүлэхэд тулгарч буй нөхцөл байдлыг ухаж ойлгох, түүний учир шалтгаан, үр дагаврыг нээн танихын тулд олон жилийн судалгаа, тасралтгүй эрэл хайгуул хийх шаардлагатайн дээр дэлхий дахинд бидний авч хэрэгжүүлж ирсэн ардчиллын ирээдүй бидэнд хэрхэн харагдаж буйг бид ухамсартайгаар судлах учиртай.

Монголд хийгдсэн судалгааны үр дүн хийгээд монголын ардчиллын мөн чанар, төлөвших үйл явцын онцлогийг гадаад ертөнцөд таниулахыг хичээсэн эрдэм шинжилгээ, судалгааны оролдлого юм. Бидний мэдэхээр ардчилал дэлхийн даяар хэдэн арван мянган жилийн түүхтэй болохыг олон хүн бичиж тэмдэглэсэн бий. Харин Монголд ардчилал хэрхэн оршин тогтнож буйг энэхүү эмхэтгэлдээ багтаахыг хичээсэн юм. Түүнчлэн өөрийн анхдагч мэргэжлийн давуу талыг ашиглан гадаадад хэвлэгдсэн шилдэг бүтээлүүдийг монголчуудад танилцуулж шинэ арга хандлагыг олж таних боломжийг бага ч болов бүрдүүлэх гэсэн чинхүү эрмэлзлийн хүрээнд гадаад хэлнээс танин мэдэхүйн хийгээд шинжлэх ухааны тухайлсан зорилтот бүтээлээс орчуулга хийж бусдад таниулж, мэдүүлээд зогсохгүй мэдлэгийг хуваалцахыг зорьж ирсэн маань эл бүтээлийн нэгээхэн хэсэг болсон орчуулгаас та бүхэн бэлхнээ харна.

Энэ зорилгын хүрээнд II ботид (i) Ардчилал ба улс төрийн соёлын төлөвшил; (ii) Монголын ардчилалд тулгарч буй сорилт бэрхшээлийг тодорхойлохыг зорьсон гадаад хэл дээр хэвлүүлсэн өгүүллүүдийг багтаасан хэсэг; (iii) Ардчиллын болон улс төрийн соёл, иргэний нийгэм, авлига, улс төрийн нам зэрэг орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны шинэ хандлагын талаарх гадны сулаачдын туурвисан бүтээлийг орчуулах байдлаар мэдлэг түгээхийг зорьсон эрдэм шинжилгээний орчуулгыг багтаасан юм. Өөрөөр хэлбэл, адчилал бол монголын нийгмийн өөрчлөлтийн сонирхолтой мөртлөө ээдрээтэй асуудал бөгөөд түүний төлөвшил хийгээд гарсан өөрчлөлтийг судалгааныхаа чиглэл болгон сонгон судалж, эл нарийн төвөгтэй үзэгдэл үйл явцын талаарх ойлголт, хандлагыг өөрийн судалгааны хүрээнд бичиж нийтлүүлсэн ардчиллын онолын болоод практикийн харьцуулсан аналитик шинжилгээ бүхий гадаад дотоодод хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлсэн илтгэл болон эрдэм шинжилгээний орчуулга (англи хэлнээс монгол хэлэнд) зэргийг эмхэтгэн их дээд сургуулиудын магистрантур, докторантурт суралцагчид болон энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг бүгдэд зориулан гаргахаар зорьсон минь Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүссэний 30 жилийн ойтой тохиож буйгаар онцлогтой, бас билэгшээлтэй хэмээн үзмүй.

 

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн

Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын ЭШДэА,

Улс төрийн ухааны доктор (Ph.D)

Сартуул овогт Ойдовын Хатанболд


Бусад мэдээлэл