ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич Б.Батхишигийн бичсэн “Монгол Улсын эдийн засгийн асуудал, Боть 2, Мөнгө, санхүү (Улс төрийн эдийн засгийн ухааны шинжилгээ)” ном хэвлэгдэв. Тус ном 1/ Мөнгө, санхүүгийн системийн мөн чанар, үүрэг, 2/ Зах зээлийн нөхцөл дэх Монгол Улсын банкны системийн хөгжил, 3/ Монгол Улсын төсвийн харилцаа, 4/ Үнэт цаасны зах зээлийн хөгжил, 5/ Олон улсын мөнгө, санхүүгийн систем ба Монгол Улс гэсэн 5 бүлэгтэй, 23 зүйлтэй, 2023 онд хэвлэгдсэн тус номын I ботид Монгол Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг бодит эдийн засгийн салбаруудын хөгжлийг авч үзсэн бол энэхүү II ботид зах зээлийн нөхцөл дэх хоёр шатлалт банкны систем, улсын төсвийн орлого зарлага, татварын шинэчлэл, улсын өр, нийгмийн хамгаалал, үнэт цаасны болон виртуал хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, зээлийн батлан даалтын сан, даатгал зэрэг санхүүгийн байгууллагын үүсэл хөгжлийг шинжилжээ. Мөн олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагууд ба Монгол Улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хандлагыг судалж дүгнэсэн байна. Номын төгсгөл хэсэгт Монгол Улсын ашиг орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх дотоод нөөц бололцоо их байгааг харуулж, тэдгээрийг үр ашигтай дайчлан ашиглах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.