“Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа”
сэдэвт
эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
2021.09.15
Монгол
Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр ШУА-ийн Философийн хүрээлэн, Төв
аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар, Монголын философийн холбоо хамтран
2021 оны 9-р сарын 15-ны өдөр төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын
(1921-1985) мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний
хурал зохион байгууллаа.
Д.Төмөр-Очир
нь 1921 онд Төв аймгийн Лүн сумын
нутагт малчин ардын гэр бүлд төржээ. Тэрээр Аж үйлдвэрийн комбинатын ноосны дагалдан
пүүлэгчээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1938-1941 онд Орос Улсад Дорно
Дахины Дээд Сургууль төгсөж, 1945-1950 онд Ломоносовын нэрэмжит Москва хотын
Улсын их сургуулийн философийн ангид суралцаж манай улсаас анх удаа философич
мэргэжил эзэмшсэн бөгөөд 1953 онд ЗХУ-ын
Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академид философийн ухааны
дэд эрдэмтний зэрэг хамгаалсан анхны философийн ухааны эрдэмтэн. 1954 онд МАХН-ын
Төв Хорооны тогтоолоор Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Тэргүүлэгч есөн гишүүний нэгээр
сонгогдож, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн анхны есөн академичийн нэг болж
сонгогдсон юм.
Тэрээр Намын Шинэ хүчний дээд сургуульд багшлах
үедээ буюу 1943-1946 онд философийн 20
орчим цуврал лекц, илтгэл өгүүллийг хэвлүүлжээ. 1962 онд Чингис хааны
мэндэлсний 800 жилийн ой тэмдэглэх ажлыг хөөцөлдөн зохион байгуулсан, үндсэрхэх
үзэлтэн хэмээн буруутгагдаж хэлмэгдэн 1990 онд цагааджээ.
Д.Төмөр-Очирын
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүний албыг
хашиж байх үеийн байр суурь, манай оронд философийн сургалт, судалгааг
хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Намын түүхийн институтийн анхны захирал,
Дархан хотын музейн анхны даргаар ажиллаж байсан тухайд болон түүнийг
хэлмэгдүүлсэн талаар тодруулан судалсан Үндэсний Төв Архив, Тагнуулын Ерөнхий
Газрын Тусгай Архив, Философийн хүрээлэн, Дархан-Уул аймгийн музейн эрдэмтэн
судлаачид илтгэл хэлэлцүүлэв.
ШУА-ийн
Философийн хүрээлэнгээс “Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дарамын
Төмөр-Очир” хэмээх эмхэтгэлийг хэвлүүлжээ. Тус бүтээл нь “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм
шинжилгээний хурлын илтгэл; шавь нар, хамтран зүтгэж байсан төр нийгмийн
зүтгэлтнүүд, эрдэмтдийн дурсамж; хурал зөвлөгөөнд хэлсэн үг;
нийгэм, улс төрийн үйл ажиллагааных нь талаарх эрдэмтэн судлаачдын эрдэм
шинжилгээний өгүүлэл; 1990-ээд оны эхэн үеийн сонины нийтлэл, ярилцлага; архивын
баримт, гэрэл зургийн цомгоос бүрдэж байна.
Хуралд
Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар, Стратеги академи ТББ,
Дархан-Уул аймгийн музейн удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ.